Жирэмсэн үед тохиолддог эмгэгүүд


Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах
Өтгөн хатах

Жирэмсний эрт үеэс эхлэн бие махбодод үүссэн дааврын хямралын улмаас өтгөн хатаж болно. Түүнчлэн цагаан гурилаар хийсэн талх, гурилан бүтээгдэхүүн байнга хэрэглэх, хөдөлгөөн багатай байх нь өтгөн хатах шалтгаан болдог. Энэ үед шингэн юм сайн ууж, хүнсний зүйлдээ талх, жимс, ногооны төрлийг голчлон хэрэглэх хэрэгтэй.
Хэрэв цөс чулуужих өвчингүй бол хоолны халбагаар нэг удаа наранцэцэгийн тос уух хэрэгтэй. Хоёр ширхэг алим угааж хальстай нь өлөн элгэн дээрээ идвэл сайн. Наранцэцгийн тос, давстай юмуу цэвэр буцалсан усаар клизм тавих нь үр дүнтэй. Гэхдээ шамбарамтай бол болгоомжтой хандаарай. Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах гэж нэрлэгддэг дасгалыг хийснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн хатахгүй болдог.

Нойргүйдэл
Жирэмсэн эмэгтэйн биеийн ерөнхий бодисын солилцоо идэвхжсэнтэй холбоотой нойргүйдэл илэрнэ. Жирэмсэн эмэгтэй хангалттай нойр авах нь зайлшгүй чухал. Нойргүйдлээс сэргийлэхийн тулд:
-Ургамлын гаралтай цай, сүү, зөгийн балтай цай уух,
-Унтахаас өмнө халуун бүлээн устай ваннад орох
-Унтахаас өмнө цэвэр агаараар амьсгалах

Даралт ихсэх
Цусны даралт дунджаар 90/60-120/80-ын хооронд хэлбэлздэг. Үүнээс ихсэх эсвэл буурах нь эмгэг юм. Иймээс жирэмслэхээс өмнө даралт тань хэвийн бус байгаа бол эмчлүүлэх хэрэгтэй. Зүрх судас, бөөрний өвчин, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгээс болж даралт ихэсдэг. Мөн сэтгэл санааны тавгүй байдалд орох, нойргүй болох, ядрах зэрэг нь цусны даралт ихсэхэд нөлөөлнө.

Шөрмөс татах
Шөрмөс татах эмгэг нь жирэмсний үед цөөнгүй тохиолдоно. Шалтгаан нь тодорхойгүй боловч цусанд кальцийн хэмжээ багассанаас үүсдэг гэсэн таамаглал байдаг. Гол төлөв шөний цагаар хөл, тавхайн шөрмөс татна. Шөрмөс таталтыг тавиулахын тулд шөрмөс татсан хэсэгт иллэг хийнэ.гараараа тавхайг дээш нь гэдийлгэхэд тавхайн шөрмөсний таталт тавигдана. Мөн кальцаар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Зүрхний өвчин
Зүрхний өвчтэй эмэгтэйчүүд жирэмсэлж болохгүй гэж үздэг байсан үзэл бодол сүүлийн үед өөрчлөгдөөд байна. Гэхдээ зүрхний маш хүнд гажиг, хүнд өвчин амь насанд аюул учруулж болох тул холбогдох мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Жирэмсэн үеийн хүндрэлүүд - Та
- 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай
- таваас дээш удаа төрсөн
- бага хүүхэд тань хоёр нас хүрээгүй
- эрхтэн тогтолцооны архаг хууч өвчтэй
- хоол тэжээлийн дутагдалтай байвал
- үр зулбаж байсан
- олон удаа үр хөндүүлж байсан бол жирэмсний, төрөх, төрсний дараах үеийн хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй.

Зулбалт
Зулбалтын үндсэн шалтгаан:
- умайн хүзүү бүрэн хаагдахгүй байх
- умайн хүзүүний төрөлхийн гажиг
- эхнэр, нөхрийн цусны резус тохироо нийлээгүйгээс хүүхэд амьгүй болох
- дааврын дутагдлаас болж умайн дотор хана өсч бүрэлдэж буй хүүхдийн хөгжлийг тэтгэх, тэжээх чадваргүй байх
- умайн анатоми физиологийн дутмаг хөгжлөөс болж жирэмслэх, хүүхэд тээх чадваргүй байх,
- умайн хоргүй хавдартай байх
- эхсийн хөгжил бүрэн төгс бус, хүүхдийг тэжээж чадахгүй байх
- чихрийн шижин өвчтэй байх

Эхэс цагаас өмнө ховхрох
Хэвлийгээр хүчтэй базалж өвдөх, бие сулрах, толгой эргэх, дотор муухай оргих, хүйтэн хөлс дааварлах шинжүүд илэрнэ. Умайг тэмтрэхэд хатуу, эмзэглэлтэй болж, үтрээнээс цус гарна. Жирэмсний хожуу үед дээрх шинжүүд илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Жирэмсний хожуу үеийн хордлого, цусны даралт ихсэх, бөөрний өвчин, олон удаа үр хөндүүлэх, хэвлий рүүгээ цохиулах зэрэг нь эхэс цагаасаа өмнө ховхрохын шалтгаан болдог.

Цус багадалт
Жирэмсний үед бие махбодод төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдийн дунд цус багадалт цөөнгүй тохиолддог. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлж байсан, цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.
Амархан ядарч сульдах, толгой эргэх, нүд эрээлжлэх, арьс цонхийх, үс унах зэрэг шинжээр илэрнэ. Цус багадалттай эх жирэмсний явцад биеийн ерөнхий байдал сулрах, үр зулбах, дутуу төрөх, төрөх үед цус алдах, төрсний дараа үжил халдвараар хүндрэх нь цөөнгүй тохиолддог. Ураг хэвлийдээ бүтэх, дутуу төрөх, хүүхэд хугацаандаа төрсөн ч сул дорой биетэй байх нь элбэг. Цус багадалтаас сэргийлэхийн тулд жирэмсний үед төмөр-фолийн хүчил агуулсан бэлдмэлүүдийг тогтмол хэрэглээрэй. Уг бэлдмэлийг та өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээс үнэгүй авч болно.

Бие хавагнах
Жирэмсний 20 долоо хоногоос хойш таны биеийн жин нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй ч хяналтын эмчдээ заавал хэлээрэй. Жирэмсний сүүлийн хагаст шилбэнээс гадна хөл, нүүр, гар, хэвлийгээр хавагнах нь жирэмсний хожуу үеийн хордлогын шинж байдаг. Биеийн жин огцом буюу долоо хоногт нэг кг-аас илүү нэмэгдэх нь далд хавагнаж буйн шинж юм. Шээсэнд хэвийн хэмжээнээс илүү уураг илрэх нь мөн хожуу үеийн хордлогын шинж бөгөөд шээс хөөсөрч гарах шинжээр илэрнэ.

Үтрээнээс цус гарах
Жирэмсний эхний хагаст буюу дөрвөн сартайгаас өмнө үтрээнээс цус гарах нь үр хөврөл зулбаж байгаа эсвэл умайн гадуурх жирэмслэлтийн шинж байж болно. Хэрэв жирэмсний сүүлийн хагаст, мөн төрөлт эхлэхэд цус гарвал эхэс умайн хананаас цагаасаа өмнө ховхорч байгаа болон эхэс түрүүлж төрөх гэж байж болзошгүй.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)